ДАШДОРЖИЙН ГАНБААТАР
(1964-2025)
Далайчин Шарнууд овогт Дашдоржийн Ганбаатар 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Ганбаатар нь 1964 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн бөгөөд 1982 онд Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Астрахань хотод “Загас агнуурын аж ахуй, үйлдвэр, техник”-ийн дээд сургуульд суралцаж, 1987 онд “Алсын аяллын хөлөг онгоцны штурман, үйлдвэрийн загас агнуурын инженер механик” гэсэн хос мэргэжил эзэмшиж төгссөн.
Тэрээр ажлын гараагаа Тээврийн яамны харьяа Хөвсгөлийн усан замын газарт томилогдсоноор эхэлж, Сүхбаатар хөлөг онгоц, түүнийг чиргүүл онгоцнуудад ахмадын туслах, ахмадаар ажиллаж, Монгол Улсын баруун аймгуудын өргөн хэрэглээний бараа, шатах тослох материалыг Хөвсгөл нуураар тээвэрлэдэг байлаа.
1987-1989 онуудад Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Монголын Ардын Армийн дивизийн их бууны 133 дугаар ангид цэргийн алба хааж, 1989 онд Байгаль орчны яамны харьяа Ой, ан судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, агнуурын нөөцийн судалгаа хийдэг байв.
1990 оноос Монгол Улс далайд гарцтай болох, далайн тээвэр хийх, далайн загас агнуур эрхлэх, улмаар далайн баялаг олзворлох шинэ салбарыг Монгол Улсад бий болгож хөгжүүлэх үйлсэд “Далай сонирхогчдын нийгэмлэг”-ийн шугамаар хүчин зүтгэж байгаад 1997 оноос Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд Загас агнуур эрхлэх, далайн баялаг олзворлох болон загасны аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Тэрээр ОХУ, далайд гарцгүй Унгар, Либери улсуудын далайн хуулиудыг судалж, “Далай ашиглах тухай” Монгол Улсын хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн 1999 онд батлуулсан нь Монгол Улсын хувьд цоо шинэ Далайн салбар үүсэн хөгжих үндсэн суурь болсон.
Мөн “Далай ашиглах тухай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 136 дугаар тогтоол, түүний хавсралтаар “Хөлөг онгоц бүртгэх журам”-ын төслийг боловсруулах ажилд гар бие оролцож, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 1999 онд батлуулснаар Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн газрын бүтцэд Монгол Улсын Хөлөг онгоцны бүртгэлийн боомт байгуулагдаж, хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааны эхлэл тавигдсан. Үүний дагуу Монгол-Сингапурын хамтарсан компани байгуулах гэрээний асуудал 2001 оны 11 дүгээр сард шийдвэрлэгдэж, улмаар зохих бэлтгэлийг ханган, Монгол Улсын Хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийх үйл ажиллагаа 2003 оноос эхэлснээр Монгол Улсын төрийн далбаа мандуулсан гадаад улсын хөлөг онгоцнууд гадаад далайд хөвөх эхлэл тавигдсан юм.
Д.Ганбаатар нь 2006 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, 2008 оноос Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа Далайн захиргаа, 2012 оноос Зам, тээврийн яам, 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яаманд өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан болно.
Далайн эрх зүйн олон улсын нэр бүхий 7 конвенцын протоколыг Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, соёрхон батлуулснаар Монгол Улсын Далайн салбарын эрх зүйн орчин бүрдэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааны аюулгүй байдал хангагдсан юм.
Мөн БНАСАУ-тай “Худалдааны далайн тээвэрт хамтран ажиллах тухай” Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг боловсруулж, шийдвэрлүүлснээр уг хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар 2008 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд БНАСАУ-ын Ражин, Сонбон зэрэг нэр бүхий 6 далайн боомтыг Монгол Улсын гадаад худалдаа, экспорт, импортод ашиглахаар тохиролцсон нь Монгол Улсын далайн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон.
Түүнчлэн ОХУ-ын Алс Дорнодын Далайн их сургуульд оюутан сургах гэрээ байгуулж, 3 оюутныг сургах ажлыг 2007 онд зохион байгуулсан бөгөөд тэдгээр залуус сургуулиа төгсөж ирээд Монгол Улсын далайн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нь түүний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр юм.
Мөн Монгол Улсын “Үндэсний хөгжлийн цогц бодлого” хөтөлбөрийн төсөл, “Тээврийн стратеги”-ийн баримт бичгийн төсөл болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн төсөлд усан зам, далайн тээврийн салбарт баримтлах бодлого, хүрэх дүн, хөгжлийн орчны шинжилгээ, шаардагдах хөрөнгө оруулалтын төсөөлөл болон хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, тусгуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, жил жилийн үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд дотоодын усан замын тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг тусгуулан шийдвэрлүүлж, тухай бүр хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд 2007-2016 онуудад улсын төсвөөр нийт 4 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн.
“Усан замын тээврийн тухай” 2003 онд батлагдсан хуулийг шинэчлэн боловсруулж, 2017 онд УИХ чуулганаар хэлэлцүүлж батлуулсан нь усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад чухал ажил болсон болно. Түүнчлэн “Бага оврын усан онгоц, завь жолоодох гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, түүний дагуу усан замын тээврийн хэрэгсэл жолоодогчдод мэргэжил арга зүйн болон аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулах, завь жолоодох эрхийн үнэмлэх олгох ажлыг хийж гүйцэтгэсэн.
Д.Ганбаатар нь “Монгол Улсын Усны ассоциаци” ТББ-ын гишүүний хувьд Болгар Улсын Антарктид судлалын 22 дугаар экспедицийн 1 дүгээр ээлжийн бүрэлдэхүүнд орж, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Антарктид тивийн Ливингстоны аралд Монгол Улсаа төлөөлөн ажилласан болно.
Тэрээр 1997 оноос дотоодын гол, нуурын загасны аж ахуйн салбарт ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллах хэлэлцээр байгуулах санаачилга гарган, “Дотоодын гол, нуурын загасны аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг 2002 батлуулсан. Уг хэлэлцээрт Монгол Улсын нуур, гол мөрний агнуурын загасны нөөцийг ОХУ-ын болон дотоодын эсвэл хамтарсан эрдэм шинжилгээний байгууллагаар тогтоолгох, нөөцийг тогтоосны дараа агнах, эсвэл үржүүлэх үйл ажиллагаа явуулах бодлого тусгагдсан болно.
Мөн тэрээр НҮБ-ын Загас агнуурын хороонд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг судлан холбогдох яам, газруудаар хянуулж шийдвэрлүүлэн асуудал дэвшүүлснээр 2001 онд Монгол Улс НҮБ-ын ХХААБ-ын Загас агнуурын хорооны гишүүн болсон. Үүний үр дүнд далайд загас агнуур эрхлэх, цаашид бусад нөөц баялгийг ашиглах боломжтой болсон юм.
Түүнээс гадна “Халимны менежментийн тухай” олон улсын конвенцыг Монгол Улсын хууль болгон соёрхон батлуулах хуулийн төслийг боловсруулж, шийдвэрлүүлсний үр дүнд Монгол Улс Халим агнуурын хорооны санал өгч оролцох эрхтэй гишүүн болсон болно.
Түүний хийж бүтээснийг төр засгаас өндрөөр үнэлж, “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль”, “Хөвсгөл аймгийн хүндэт иргэн”, “Онц тээвэрчин” цол тэмдэг, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон зэргээр шагнасан.
Д.Ганбаатарын мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага, хийж бүтээсэн ажлууд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл, эгэл даруу зан, төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.
Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарын үе үеийн нийт ажилтнуудын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сайхан Монгол орныхоо алтан хэвлийд амгалан нойрс доо.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА