ХАТГАЛ. /2025.06.05/. Өнөөдөр Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Соёлын төвд “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Далайн захиргааны усан замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль, эрх зүйн акт, журмыг олон нийтэд сурталчлан таниулах, мөн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй тээврийн тогтолцоог хөгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд болсон юм.
Сургалтыг нээж Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр үг хэлэхдээ усан замын тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, салбарын хөгжлийн өнөөгийн төлөв, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдод ажлын амжилт хүсэв.
Арга хэмжээний үеэр хувийн хэвшлийн төлөөлөл болох “Юбикаб” ХХК нь тус салбарт нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ, программ хангамжийн шийдлүүдийн талаар танилцуулга хийж, усан замын тээврийн үйлчилгээнд мэдээлэл, технологийн дэвшлийг үр өгөөжтэйгээр ашиглах талаар мэдээлэл солилцлоо.
Түүнчлэн, тус арга хэмжээний хүрээнд Зам, тээврийн сайдын 2018 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулж, оролцогч байгууллагуудын төлөөлөл болон мэргэжилтнүүдээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг сургалтад усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлов.