“Усан зам, далайн тээвэрчдийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 254 дүгээр тогтоолоор Монгол Улсад үндэсний усан замын тээврийн салбар үүсэж хөгжих эх суурь тавигдсан 1952 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу Хөвсгөл нуурт усан онгоц аялж эхэлсний 112 жил, Монгол Улсад усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайн арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөвсгөл аймгийн удирдлагууд, усан замын тээврийн салбарын ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон усан замын тээвэрчид болон бусад гадаад орны зочид төлөөлөгчид оролцлоо.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Ойн баяр гэдэг дан ганц баярлахаас илүүтэй ажлаа дүгнэх, төлөвлөх, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхээ эргэн дурсах зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Тээврийн салбаруудаас усан зам ууган нь байна. Та бүхэн хүний нөөцийн хувьд цөөхүүлээ ч гэсэн, өнгөрсөн хугацаанд 41 сая тонн ачаа тээвэрлэж, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 70 мянга орчим зорчигчийг тээвэрлэж байна. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлал хөгжихөд та бүхний оруулж буй хувь нэмэр маш өндөр байна” хэмээн онцлон хэлсэн.

 

Мөн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медаль, “Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг болон Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан. Үүнд:

 

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Хөвсгөл аймгийн Усан замын газрын ахмад ажилтан туслах капитан Ч.Чулуунбаатар, ачааны баржийн дарга Т.Ганбаатар нарыг,

 

“Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” тэмдгээр “Хөвсгөл усан зам” ХК-ийн “Сүхбаатар” усан онгоцны капитан Л.Бадамдорж, Усан замын газрын матрос буюу усан замын цэрэг Д.Нямдаваа, усан онгоцны галч Д.Пүрэвжав, усан онгоцны тогооч Б.Долгор нарыг,

 

Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр Хөвсгөл усан замын газрын залуурчин Ц.Баярхүү, залуурчин Г.Нямсүрэн, нягтлан бодогч Ч.Цэцгээ, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч Л.Баттөр, Д.Сүхбат, Б.Борбаатар нарыг тус тус шагналаа.

 

Байгууллагын хамт олны нэрийн өмнөөс та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ