Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа

      БНХАУ-ын Эрээн хотноо 2018.10.23-24-ний өдрүүдэд “Хятад-Монгол-Орос улсын тээврийн коридорыг хөгжүүлэх” сэдэвт БНХАУ болон Монгол Улсын тээвэр зуучлалын салбарын хамтарсан зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Хятадын талаас төр болон хувийн хэвшлийг төлөөлсөн 40 гаруй хүн, Монголын талаас 60 гаруй төлөөлөгч оролцсоноос ихэнх нь тээвэр зуучийн компанийн төлөөлөл байлаа.

      Хамтарсан зөвлөгөөний үеэр Эрээн боомтын нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийн талаар хэлэлцэн, цаашид эдгээр асуудлыг хамтын хүчээр хэрхэн даван туулах тухай ярилцав.

      Түүнчлэн, ачааны баримт бичгийн бүрдүүлэлтийн зөрүүтэй байдлаас үүдэн хил, гааль дээр үүсдэг цаг хугацааны алдагдалтай холбоотойгоор учирч буй эдийн засгийн хохирлыг хэрхэн бууруулах талаар санал бодлоо солилцон, асуудлыг хамтран шийдвэрлэх замаар  Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй Хятад-Монгол-Орос Улсыг холбосон тээврийн коридорын өрсөлдөхүйц чадварыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв.

      Энэхүү зөвлөлдөх уулзалтанд Монгол Улсын Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат, Д.Байгалмаа нар оролцож “Олон Улсын гэрээ хэлэлцээр болон Монгол Улсад олгогдсон эрх” сэдвээр илтгэл тавилаа.

      Илтгэлд “Далайн эрх зүйн тухай” НҮБ-ын конвенцид тусгагдсан дамжин өнгөрөгч улсын эрх болон нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлж буй улсын үүрэг, хариуцлагыг холбогдох зүйл, заалт тус бүрээр тайлбарлах замаар транзит тээврийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаандаа мөрдвөл зохих олон улсын хууль эрх зүйн хэмжээг тодорхойлон харуулахыг зорьсон.

      Тус илтгэлийг монгол, хятад хэл дээр боловсруулан тавьсан нь БНХАУ-ын талаас оролцож буй төлөөлөгчдөд ойлгоход дөхөм, хүртээмжтэй болсныг зөвлөгөөн зохион байгуулагчид сайшаан тэмдэглэсэн болно.