Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаас Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногийн хугацаанд зам, тээврийн салбарын хэмжээнд бодитой хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлын баталсан төлөвлөгөөний дагуу салбарын үйл ажиллагааг сурталчлах, дотоодын усан замын тээврийн салбар дахь болзошгүй осол эндэгдэл, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүүхэд, залууст сурталчлан таниулах зорилго бүхий өдөрлөгийг ОБЕГ-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль дээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд тус сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдсанаас гадна багш, ажилчид мөн идэвхтэй оролцсон. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн усчин аврагчдын баг бүрэлдэхүүн усанд осолдож, амьд гарсан хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн хийх талаарх сургалтыг удирдан явуулсан ба усанд шумбалтын хувцас хэрэглэл, багаж техникийг үзүүлэнгийн зориуллатаар дэлгэн үзүүлсэн юм.