Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо зохион байгуулагдаж буй олон улсын далайн салбарын арга хэмжээнүүдийн хүрээнд Монгол Улсын Далайн захиргааны төлөөлөгчид олон улсын байгууллага, гадаад улсын холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, далайн салбарын техникийн болон мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож байна.
2026 оны 10 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд “Дэлхийн далайн өдрийн параллель арга хэмжээ – 2026” (World Maritime Day Parallel Event 2026), 10 дугаар сарын 26–28-ны өдрүүдэд “Далайн хөдөлгөөнт байдал, аюулгүй байдлын үзэсгэлэн – 2026” (Korea Maritime Mobility & Safety Expo 2026), 10 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд “БНСУ-ын Далайн долоо хоног – 2026” (Korea Maritime Week 2026) тус тус Бусан хотноо зохион байгуулагдаж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд далайн тээврийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, ухаалаг тээвэр, дижитал шилжилт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон далайн тээвэр, байгаль орчны хамгаалал, хүний нөөцийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар форум, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий болон холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож байна.
## Олон улсын далайн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа нар Олон улсын далайн байгууллага (IMO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингестэй уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлж буй SMART-C болон LC/LP төслүүдийн санхүүжилт, хэрэгжилтийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зохион байгуулах, Монгол Улсын далайн салбарын техникийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрэв.
Мөн дээрх төлөөлөгчид IMO-ийн Хууль эрх зүй, гадаад харилцааны газрын дарга Дорота Лост-Симиньскатай уулзаж, 2028 онд хийхээр төлөвлөж буй IMO-ийн аудитын бэлтгэлийг хангах, олон улсын конвенц, стандартын хэрэгжилтийг сайжруулах, холбогдох эрх зүйн зохицуулалт болон байгууллагын чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтаар аудитын бэлтгэлийг хангах чиглэлээр олон улсын туршлага судлах, арга зүйн дэмжлэг авах, Монгол Улсын далайн тээврийн салбарын олон улсын үүргийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
## Сингапурын Далайн болон боомтын захиргаатай хамтын ажиллагааг хөгжүүлнэ
Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа нар Сингапурын Далайн болон боомтын захиргааны Гүйцэтгэх захирал Анг Уи Кеонгтой уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар далайн тээврийн салбарын хүний нөөцийг сургаж бэлтгэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага солилцох, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагааг албажуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг болон хоёр талт үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь далайн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хоёр байгууллагын харилцан туршлага солилцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.
## Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг олон улсад сурталчилж байна
“БНСУ-ын Далайн долоо хоног – 2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд Монгол Улсын Далайн захиргаа оролцож, Монгол Улсын далбаан дор хөлөг онгоц бүртгүүлэх тогтолцоо, бүртгэлийн үйл ажиллагаа болон холбогдох үйлчилгээний талаар олон улсын оролцогчдод мэдээлэл хүргэн, сурталчилж байна.
Монгол Улсын Далайн захиргаа нь олон улсын байгууллага, гадаад улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын конвенц, стандартын хэрэгжилтийг сайжруулах, байгууллагын техникийн болон мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Эдгээр уулзалт, олон улсын арга хэмжээ нь Монгол Улсын далайн тээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.





