Энэхүү хурал нь олон улсын далайн тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг дэмжих, “Net-Zero Framework”-ийн хүрээнд шаардлагатай дүрэм, техникийн зохицуулалт, аргачлалыг боловсруулах зорилготой өндөр түвшний техникийн хэлэлцүүлэг юм. Хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг амьдралын мөчлөгөөр нь үнэлэх тогтолцоо (Life Cycle Assessment), цаашдын судалгаа, бодлогын чиглэл, олон улсын зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэв.
Хуралд Зам, тээврийн яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх, мөн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ОУДБ-ын Суурин төлөөлөгч Н.Мөнхжаргал нар оролцож, хурлын хүрээнд олон улсын байгууллага, түнш орнуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг зохион байгууллаа.
Хурлын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй SMART-C төслийн төслийн менежер Сюзанн Агиус (Suzanne Agius), төслийн хэрэгжилт хариуцсан захиргааны туслах Сусана Рохас Кастро (Susana Rojas Castro)-тай уулзаж, төслийн хэрэгжилт, техникийн хамтын ажиллагаа болон цаашдын боломжийн талаар санал солилцов.
Мөн Панам Улсаас ОУДБ-д суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Жинетт Теста (Ginette Testa)-тай уулзаж, Монгол Улсын Далайн захиргаа болон Панамын Далайн захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах асуудлаар хэлэлцэв. Санамж бичгийн хүрээнд далайн болон дотоод усан замын тээвэр, хөлөг онгоцны бүртгэл, мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Тайланд Улсаас ОУДБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Тэнгисийн асуудал хариуцсан зөвлөх Дамронгкиат Киатопас (Damrongkiat Kiatopas)-тай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүнээс гадна ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагаа, хэрэгжилтийн газрын Ази, Номхон далайн бүс хариуцсан хэлтсийн дарга Жин Вер Пиа (Jean Ver Pia)-тай уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мөн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх болон Монгол Улсаас ОУДБ-д суугаа Суурин төлөөлөгч Н.Мөнхжаргал нартай уулзаж, ОУДБ-ын хүрээнд дэлхий дахинд үүсэж буй нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаа, Гадаад харилцааны яамны зүгээс баримталж буй бодлогын чиглэлийн талаар санал солилцов.
Хурлын үеэр Монгол Улс далайд гарцгүй орнуудын нийтлэг эрх ашиг, сорилтыг олон улсын тавцанд илүү үр дүнтэйгээр төлөөлөх зорилгоор ОУДБ-ын хүрээнд далайд гарцгүй орнуудын хамтын ажиллагааны сүлжээ, холбоо байгуулах саналыг анх удаа дэвшүүлэв. Энэхүү санал нь далайд гарцгүй орнуудын тээвэр, логистик, далайн бодлого, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал санаачилга боллоо.
Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч олон улсын худалдаа, логистикийн сүлжээнд далайн тээврээр дамжин оролцдог тул ийм төрлийн олон улсын бодлогын хэлэлцүүлэгт оролцох нь салбарын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.




