МОНГОЛ УЛС КАНАД УЛСТАЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙЖ, ДАЛАЙН БОЛОН ХУУРАЙ БООМТЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ.

Олон улсын далайн байгууллага (IMO)-ын Ассамблейн 34 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Канадын талтай хоёр талт уулзалт зохион байгуулж, далайн тээвэр, дотоодын усан замын хөгжил болон хуурай боомтын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтаар дараах үндсэн чиглэлүүдийг онцлон хэлэлцлээ.Үүнд:

1. Хөлөг онгоцны бүртгэлийн тогтолцоог сайжруулах

Монгол Улс хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон хүсэл сонирхлоо илэрхийлэв.

Канад Улс хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагаа, хяналт шалгалт, өгөгдлийн удирдлага, аюулгүй ажиллагааны стандартыг хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

2. Дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх

Канад Улс дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, усан замын дэд бүтэц, навигацийн аюулгүй байдал, усан замын тээврийн зохицуулалтын тогтолцооны чиглэлээр олон улсад тэргүүлэгч орны нэг юм.

Хоёр тал Монгол Улсад дотоодын усан замын тээврийн судалгаа, зохицуулалтын орчин, шаардлагатай сургалт болон бодлогын зөвлөмжийг боловсруулахад техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой талаар санал нэгдлээ.

3. Хуурай боомт хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох

Монголын талаас хуурай боомтын төлөвлөлт, менежмент, ложистикийн гинжин хэлхээний үр ашигтай ажиллагааны талаар Канад Улсын амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээс туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Канад Улсаас хуурай боомтын стандарт, төлөвлөлт, олон талт тээврийн зохицуулалтын чиглэлээр хэрэгжүүлсэн үндэсний болон бүс нутгийн төслүүдийн сайн туршлагаа хуваалцах боломжтой гэдгээ онцлов.

Уулзалтын төгсгөлд талууд дээрх чиглэлүүдийг хамарсан хамтын ажиллагааны Санамж бичиг (MOU) байгуулахаар харилцан тохиролцов.

Санамж бичиг нь сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр, техникийн туслалцаа, бодлогын туршлага солилцох хамтын ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэх үндэс болох юм.

Уг уулзалт нь Монгол Улсын далай болон усан замын тээвэр, хуурай боомтын бодлого, чадавхыг олон улсын түвшинд сайжруулах, Канадын туршлага дээр суурилсан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн үр дүнтэй хэлэлцээ боллоо. Санамж бичиг байгуулсны дараагаар цаашдын хамтарсан сургалт болон техникийн төслүүд хэрэгжих боломжтой гэж талууд үзэж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ