Далайн захиргаанаас 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд “Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах” зорилгоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд нуурын эрэг дагуух 5 км талбайн хог, хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулав.
Арга хэмжээ нь Монгол Улсад усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 73 жилийн ой болон “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр”-тэй давхцаж, долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдлаа. Монгол Улсын Далайн захиргааны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 28 албан хаагчдыг оролцуулж, 100 кг бүхий 15 шуудай хог хаягдлыг цэвэрлэн зайлуулсан бөгөөд усан замын тээврийн хэрэгсэл жолоодогч, аж ахуйн нэгжүүд хамтран оролцов.
Мөн оролцогчдод нуурын бохирдлын сөрөг нөлөө, байгальд ээлтэй хэрэглээний ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хог хаяхгүй, хариуцлагатай аяллыг уриалсан сургалт сурталчилгаа хийлээ.