Боомт ашиглалт

    Монгол Улс нь бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын далайн боомтод саадгүй хүрэх, таатай нөхцлөөр ашиглах талаар яриа, хэлэлцээг тууштай өрнүүлж ирсэн бөгөөд олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байна.

    Тухайлбал, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх эрхийг тунхагласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц, “Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх худалдааны тухай” 1965 конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх тухай” 2013 оны Балигийн хэлэлцээрт тус тус нэгдсэн.

    Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2014 онд шинэчлэн байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улс Хойд болон Зүүн хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахаар тохиролцсон.

    Мөн Монгол Улсын Далайн захиргаа БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргаатай хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, Жинжоу далайн боомтыг МУ-ын идэвхитэй ашигладаг далайн гарцын нэг болгох хамтын ажиллагааны хүрээнд тус боомтод албан ёсны төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. 

    Оросын Холбооны Улстай “Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон далайд гарах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1992 онд байгуулсан. Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар далайд гарах нөхцөл баталгаажсан. 

    Монгол Улсын Далайн захиргаа Бүгд Найрамдах Итали Улсын Генуя боомтын захиргаатай 2017 онд Далайн тээвэр, ложистик, боомт ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулан ажиллаж байна.