Хууль, эрх зүйн орчныг боловсронгүй болгох

    Монгол Улс нь “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц зэрэг суурь баримт бичгүүдэд нэгдэн орж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элсэж, олон улсын далайн салбарын 23 гэрээ, конвенц, протоколд нэгдсэн.

    Эдгээр тунхаглал, конвенцид нэгдэн орсон явдал нь Монгол Улс далайн баялаг ашиглах, Олон Улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчны үндэс суурь болсон юм.

    Үндэсний эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын “Далай ашиглах тухай” хууль, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг тус тус 1999 онд, “Усан замын тээврийн тухай” хуулийн /усан замын тээврийн салбар/ шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан.

    Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын эрх зүйн актуудыг эмхэтгэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаараар 2 боть болгон хэвлүүлэх ажлыг Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар томилсон ажлын хэсэг 2016 онд амжилттай гүйцэтгэсэн.

    Улмаар Олон Улсын Далайн байгууллагаас Монгол Улсад 2016 онд хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.